Монгол Орон : Монгол улсын түүхээс : 1911 оны Монголын тусгаар тогтнол ба Их гүрнүүд
Чин гүрэн XX зууны эхнээс "шинэ засгийн бодлого"/син чжэн/зэрэг арга хэмжээ авсанд эх нутгаа цэвэр ариун авч үлдэх гэсэн монгол дээд лам, ноёд ихэд дургүйцэж, гаднаас туслах хүч улам шаргуу хайх болов. Халхын 4 аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд, хамба, шанзодба нарын зэрэг эрх баригчид Хүрээнд цугларч Жибзундамба хутагтад бат оршил өргөхөөр 1911 оны 6 дугаар сарын 21-нд нууц зөвлөгөөн хийж, Чин улсын шинэ засгийн бодлогыг хүлээх эсэх талаар зөвлөлджээ.

Тэрхүү зөвлөгөөнөөс Орос улсаас тусламж авч Манжаас салах, тусгаар улс болох, Богдыг улсын эзэн хаанаар өргөмжлөхөөр санал нэгдэж, чин ван Ханддорж, даа лам Цэрэнчимэд, Өвөр Монголын Хайсан гүн нарыг Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчөөр томилон илгээжээ.

Түүхч Л. Жамсран Жибзундамба хутагт 1911 оны 11 дүгээр сарын 28-нд буулгасан "Одоо монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдүүрийг үзэхгүй болох цаг болсон" гэсэн лүндэнг задлан шинжлээд Монголын ноёд, лам нар Хятадад хөрөнгөтний хувьсгал өрнөсөн үед "Монгол овогтон бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" гэдэг шинэ уриа томъёолон гаргасан нь Монголчуудын Манж-хятадын ноёрхолын эсрэг тэмцэл шинэ шатанд дэвшиж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон төлөвшсөнийг харуулж байна гэж дүгнэжээ. Улмаар Жибзундамба хутагтыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын хаан ширээнд залах ёслол болж, олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглаж, Монгол улсын Засгийн газрыг 5 яамтайгаар зохион байгуулж, энэ хэрэгт хүчин зүтгэсэн ноёд лам нарыг хөхүүлэн шагнажээ.

Хоёр их хөрш орон маань энэхүү үйл явдалд хэрхэн хандав. Чин улсын суурин дээр тогтсон Хятадын Дундад Иргэн улсын эрх баригчид /Чжунхуа Миньго/ Жибзундамба хутагт тэргүүтэй хэсэг Монгол ноёд дээд лам нар хаант Оросын арга мэх, явууллагад автагдаж хийсэн "урвалт" гэж үзэж байлаа. Хаант Орос улсын засгийн газар Монголчуудыг тусгаар тогтнох чадавхи байхгүй гэж үзэж байсан тул "автономийн төлөө хөдөлгөөн", "автономит засгийн газар" гэж нэрлэх болсон юм.

Дундад Иргэн Улсын /ДИУ/ Ерөнхийлөгч Юань Шикай Жибзундамба хутагтын нэр дээр 1912 оны 3 дугаар сарын 16-нд цахилгаан утас илгээж монголчууд дангаараа улс болон тогтнож чадахгүй, зөвхөн хятадын харьяанд байвал хөгжиж чадна гэж ятгахыг оролдов. Юань Шикай утсандаа"...Монгол газар хэдүй уудам боловч хүний тоо даанч цөөн, олон Монголыг нийлүүлэн бодвоос дотоод газрын нэгэн жижиг мужийн тоонд хараахан үл хүрэхийн дээр Монголчуудын аж ахуй ядуу зүдүү эд агуурсын орлого маш бага." гээд цааш нь "Олон Монголчууд хятад лугаа зах нийлэн сууж харилцан түшилцвээс харин улс төрд тустай бөгөөд нийлэлцвээс хоёр этгээдэд ашиг буй, салаливаас хоёр этгээдэд хохирол буй. Эрхэм ламын оюун билиг нэвтэрхий тул эрхгүй зовлон буяныг хянан ялгаж чадна" гэх зэргээр ятгажээ. Жибзундамба хутагт 3 дугаар сарын 25-нд Юань Шикайд хариу утас явуулж "Гадаад Монгол энэ удаа журмыг үүсгэсэн нь язгуураас үндсээ баталж, шашнаа баталж харьяат газар орноо бүрэн бүтэн болгохын санаа болой. Ер нь өөр горилох зүйл бүхий нь бус, мөн ч гажуу үгст баширлагдсан явдал бус, үнэхээрийн харгис засагт зовж зүдэрсний учир болой" гэж Монголчууд угаасаа өөрийн гэсэн төр ёс, шашин шүтлэгтэй бөгөөд бусдын хатгалгаар хөдлөөгүй, газар нутгаа бүрэн бүтэн болгож, тусгаар улс болох гэснийг нотложээ.

Японы зүгээс ч Монголд өрнөж байсан үйл явдлыг анхааралтай ажиглаж байжээ. Манжийн амбан Сандог Дээд Үдээр дайрч өнгөрөх үед Японы цэргийн хошууч Изомэ 1911 оны 12 дугаар сарын 19-нд түүнтэй уулзаж ярилцан Хүрээнд болсон явдлыг яриулж авчээ. Тэрээр Сандогийн ярианд түшиглэн бэлтгэсэн мэдээндээ: "... Монголын тусгаар тогтнол гэгчийг тунхагласан нь Оросын урьдаас төлөвлөсөн ажил явуулга гэдэг нь тодорхой, Ханддорж чин вантай хуйвалдан Жибзундамба хутагтын нэр сүрийг ашигласан зүйл гэдэг нь бүр ч тов тодорхой. Сайн ноён, Засагт ханыхны цаашдын байдал тодорхойгүй, Жибзундамба хутагтын нэр сүр тусгаар тогтнолоо хир удаан хадгалж чадах эсэх нь туйлын эргэлзээтэй" гэж бичиж байв.

Нөгөө талаас шинэ тулгар Монгол улс тусгаар тогтнолоо бусад их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хэд хэдэн алхмыг 1910-аад оны эхний хагаст хийсэн билээ. Олноо өргөгдсөний 2 дугаар оны намрын сүүл сарын 20 буюу 1912 оны 10 дугаар сарын 29-нд Гадаад хэргийн яамнаас ноот бичгийг үйлдэж Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд болон Австри зэрэг есөн улсын элчин нарт илгээсэн байна.
Уг ноот бичигт "харилцан гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгамуу" гэсэн саналыг дэвшүүлжээ. Гэвч тэдгээр 9 улсын нэг нь ч хариу ирүүлээгүй юм.

Их Британий хувьд 1907 онд Оростой байгуулсан гэрээний дагуу Монголыг Оросын, Төвдийг Британий нөлөөний бүс гэдгийг дор дороо хүлээн зөвшөөрсөн учир Монгол орон тэдний улс төрийн ашиг сонирхлын гадуур байсан гэж үзэх үндэстэй. 1914 оны 5 дугаар сард Хүрээний засгийн газар өөрийгөө Их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх гэж Бээжинд суугаа Британи зэрэг 5 орны элчинд дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох санал тавьж байжээ. Бээжинд суугаа Британийн элчин Монголын ГЯЯ-ны бичгийг хүлээж аваад "Худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөгчийг Хүрээнд томилон очуулах хүсэлтийг Засгийн газартаа тавив" гэж Хятадын тэр үеийн сонинд бичиж байв.

Франц Оросын холбоотон орны хувьд Монголын асуудлаар Оросын байр суурийг дэмжих байр суурь баримтлав. Парист сууж байсан Оросын элчин сайд Извольский 1911 оны 11 дүгээр сард Францын ГЯЯ-ны сайдад хандан "Монгол, Манжуур болон Хятадын Туркестан дахь Оросын сонирхолд Хятадын засгийн газар аливаа нэгэн саад хийх гэсэн оролдлогод Франц ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт итгэж болох уу" гэсэн асуулга тавьжээ. Францын ГЯЯ-ны сайд де Сельве 1912 оны эхээр Умард Манжуур ба Монгол, Хятадын Туркестан дахь хаант Оросын эрх ашиг, сонирхлыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж "энэ талаар бидний тогтмол явуулж ирсэн бодлого ирээдүйд манай холбоотны сонирхож буй энэ нутагт бидний явуулах бодлогын тод илэрхийлэл юм" гэж нотлов.

Харин Германы ГЯЯ-ны ТНБД Гадаад Монгол тусгаар тогтнолоо тунхагласны дараа 1912 оны 1 дүгээр сард Берлинд суугаа Францын Элчин сайдыг урьж уулзан Монголд болж буй үйл явдлуудын шинж чанарын тухай асууж лавлахын хамт "Бид Хятадыг бүрэн бүтэн байлгах, тэгээд Европын худалдаа арилжаанд нээлттэй болгохыг хүсдэг, тиймээс янз бүрийн байдлаар Хятадыг хуваах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцдэг" гэж байв. Германы ГЯЯ 1912 оны Орос-Монголын гэрээ, түүний хавсралтын тухай мэдээ аваад Бээжинд сууж байсан Элчин сайддаа үүрэг өгч Оростой байгуулсан гэрээг эсэргүүцэхийг Хятадын засгийн газарт ятгахын хамт бусад гадаад оронтой Монголыг мөн адил нээлттэй худалдаа хийлгэхийг Бээжинд шаардахыг даалгажээ.

Харбинд сууж байсан Японы ерөнхий консулын газарт хүргүүлсэн Монголын засгийн газрын ноот бичгийн хятад эх эдүгээ хүртэл Японы ГЯЯ-ны архивт хадгалагдаж байгааг япон түүхч Наками анх олж хэвлүүлсэн билээ. Тэр үед Харбинд сууж байсан Японы ерөнхий консул Хонда-гаас ГЯЯ-ны сайд Учидад 1912оны 12 дугаар сарын 13-нд илгээсэн цахилгаанаас уг ноот бичиг хэрхэн Японы талд хүрснийг тодруулж болно. Хонда уг ноотын монгол болон хятад хоёр эхийг 1912 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч тэр өдөртөө хятад эхийг дагалдах бичгийн | хамт Токиод илгээсэн байна. Хонда-гийн дагалдах бичигт өгүүлснээр уг ноотыг авчирсан элч Монгол хүний ярианаас уламжилбал тэрээр Хүрээнээс морин өртөөгөөр гарч 8 хоног яван Хайлаарт хүрч тэндээс галт тэргэнд суун Харбинд иржээ. Тэрээр Японы консулаас гадна бусад орны консулын газарт мөн ижил агуулгатай бичгийг авчирсныг Хонда мэдээд түүнээс ойр цагийн Хүрээний байдлыг сонирхон асууваас Монгол элч хятад хэлийг огт нэвтрэлцэхгүй, харин орос хэлээр ойр зуурын зүйл ойлголцох төдий байсныг дагалдах бичигт тэмдэглэжээ.

1912 оны өвлийн дунд сард Гадаад яамны сайд Ханддорж нарын төлөөлөгчдийг Петербургт одуулсан нь шинэ тулгар Монгол улсын засгийн газраас гадаад ертөнцтэй харилцаа тогтоох талаар хийсэн томоохон алхам мөн. Хаант Оросын эрх баригчидтай уулзаж амин чухал хэдэн асуудлаар хэлэлцээ хийхээс гадна Петербург дахь гадаадын хэд хэдэн улсын элчин сайдтай учран хэлхээ холбоо тогтоох, улмаар Англи, Франц зэрэг орнуудаар очиж найрамдлын гэрээ байгуулах зорилгыг Ханддорж чин ванд давхар даалгасан байна.

Петербург дэх гадаад орны элчин сайдын яамд Монгол улсын төрийн элч нарын анхны айлчлалыг ихэд анхааран ажиглаж байсныг архивын баримт сэлт харуулж байна. Тухайлбал, Петербург дэх Японы ЭСЯ-ны түр хамаарагч Тамура Токио дахь ГЯЯ-ндаа Монголын төлөөлөгчдийн айлчлалын талаар дор хаяж гурван дэлгэрэнгүй мэдээг хүргүүлжээ. Үүний эхнийх болох 1913.1.25-наар дугаарласан мэдээнд Монгол улсын төлөөлөгчдийн айлчлалын зорилго, Оросын эрх баригчидтай уулзах хөтөлбөр, Царское село-д очиж Оросын Николай 2-р хаанд бараалхсан зэргийг танилцуулав. Дараагийн 1913.2.10-ны мэдээнд Монголын төлөөлөгчид Оросын ГЯЯ-ны сайд Сазоновтай уулзаж Монголд зэр зэвсэг, зээл санхүүгийн туслалцаа үзүүлэх асуудлаар хэлэлцээ хийснийг дурьджээ. 1913.2.15-нд илгээсэн мэдээнд чин ван Ханддоржийн Оросын "Новое время" сонинд өгсөн ярилцлагын агуулгыг сийрүүлэхийн хамт Ханддорж Японы элчин сайдтай уулзах хүсэлт тавьсныг өгүүлсэн байна. Уг мэдээнд чин ван Ханддорж Петербургт суугаа Англи, Франц, Герман зэрэг орны ЭСЯ, түүний дотор Японы ЭСЯ-нд хэлмэрчээ илгээж төлөөлөгчдийн тэргүүн, дэд тэргүүний нэр усыг айлтган өдөр цагийг товлож элчин сайдтай албан ёсоор уулзах хүсэлт тавьсныг дурьдаад харин Японы элчин сайдыг түр хамаарагч бусад орны ЭСЯ-ны жишгийг харж Монголын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсанаа бичжээ.

Түүхийн шинжлэх ухааны доктор Харгана овогт Цэдэндамбын Батбаяр
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)