Монгол Орон : Монгол улсын түүхээс : 1911 оны хувьсгалын үр дүнь ололт
юуны өмнө өөрсдийн үндэсний хүчинд тулгуурлаж ар, өвөр бүх монголчуудынхаа хүчийг нэгтгэн тэмцэх бодлоо үргэлжлүүлсээр байжээ. Богд Жавзандамба хутагтын зарлигаар 1911 оны зуны цаг олон аймаг шавиас даншиг өргөх ялдраа Жанжин чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нар улс гэрээ төвхнүүлж, монголчуудыг Чин улсын дарлалаас салгах цаг ирсэн тухай мэдэгдэж, Богд хутагтаас «одоо манж улсын тоо улирал дуусч, засаг төр мөхөх цаг хэмжээ болсон» «тусгаар улс төрийг байгуулан бүтээж болно» хэмээсэн нууц лүндэн буулгаж, Манж хятадын бодлогыг даган хүлцэнгүй байхгүй нийтээр нэгдэж, тэмцэхийг уриалсан байна.
Эрдэнэ ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар Орос улсын нийслэл Петербург хотод хүрч, Оросын улсын Засгийн газарт өөрсдийн зорьж ирсэн тусгаар улс төрийг байгуулан тогтоох явдлыг зөвшөөрөн хүлээж, батлан хамгаалах тусламж үзүүлэхийг гуйсан хэргээ танилцуулан, тусламж эржээ. Орос улс уг хэргийг зөвшөөрөн хүлээж, даруй батлан хамгаалж туслах явдлыг илэрхийлсэн байна.

Монголчууд олон зуун жилийн төрт ёсны уламжлал, бие даасан улсын бодлоготой явж ирсэн улс тул Манжийн эрхшээлд байсан бүхий л үеийн турш үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцлээ өрнүүлж байсан бөгөөд харин цагийн ая, нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, сая 1911 онтой золгосон болохыг онцлон тэмдэглэвэл зохино.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн ёсөн буюу европ тооллын 1911 оны 12 дугаар сарын 29 ны өдөр Монгол улсын хаан ширээнд Богд Жавзандамба хутагтыг залах төрийн их ёслол болж, түүнд төрийн тамга, өргөмжлөлийг өргөн барьжээ. Энэ бол ХХ зууны эхэнд Монгол улс Манжаас салж тусгаар улс болсноо тунхаглан зарласаны илэрхийлэл байлаа. Мөн өдөр “Богдыг Монгол Улсын наpан гэpэлт, түмэн наст Богд эзэн хаан, Цагаан даp эхийг Улсын Эх дагина хэмээн өpгөмжлөн, эpдэнийн сууpинд залж суулгаад, оны цолыг Олноо өpгөгдсөн, Их Хүpээг Нийслэл Хүpээ хэмээн нэpлэсэн, дундаа соёмбо үсэгтэй шаp тоpгооp хийсэн төpийн далбаа бүхий Монголын тулгаp төp нээсэн тухай” даяаp олноо тунхаглан заpлажээ.
Богд Жавзандамба лам Монгол улсын хааны ширээнд ёслон суухдаа их төрийн хэргийг эрхлүүлэхээр таван яам байгуулж, олон аймаг хошуудын засаг захиргааг хуучин хэвээр явуулж, ноёд түшмэдийг цол хэргэмээр шагнав. Хорьдугаар зууны эхээр төрөн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан бодит үйл явдал байсан юм.
Үндэсний хувьсгалын дээд үр дүн нь үндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа төвхнүүлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911 оны үндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгур төрөө сэргээн байгуулж, тунхагласан төрийн их ёслол болов. Энэ үйл явдлын талаар гадаад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн өвөрмөц байдлаар дүгнэлт өгч мэдээлсэн буй.
Хаант Орос улсын Засгийн газар Монголын 1911 оны Монгол улсаа тунхаглан зарласан тэр өдөр Оросын эзэн хааны Засгийн газар мэдэгдэл гаргасан байна. Энэхүү баримт бичиг нь Монголын тусгаар тогтнолыг шууд дэмжээгүй мэт боловч Монголд болж байсан үйл явдлыг олон улсад бодитойгоор харуулж, түүнийг Орос улс хэрхэн үзэж байгааг тодорхойлж, Орос, Хятад хоёр улс үүсэн гарсан Монголын асуудалд яаж хандвал зохилтой талаар өөрийн саналыг хэлсэн, нөгөө талаас Монголын үнэн дүр төрхийг дэлхийд харуулсан дипломат акт байлаа.

Нөгөө талаар Хаант Орос энэхүү мэдэгдлийг гаргахдаа Хятадтай аль болох харилцаагаа муутгахгүй байхыг эрхэм болгосон алхам хийсэн гэвэл үнэнд ойртох билээ. Хаант Орос энэ мэдэгдэлдээ Монголын тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөв хэмээн хэлэхээс зайлсхийж, бүрхэгдүүлэхийн зэрэгцээ Монголын асуудлыг Монгол Хятадын хэлэлцээгээр тодорхойлох энэхүү хэлэлцээг явуулахад Орос улс зуучлах үүрэг гүйцэтгэх санааг дэвшүүлэн тавьсан юм. Оросын Засгийн газраас гаргасан энэ бүх саналыг Хятад, Монгол хоёр улс хэрхэн үзэж, хүлээн авах эсэхээс, бас эсрэг тэсрэг байр суурь бүхий Хятад Монголын хооронд Орос улс хэрхэн сайн зуучлахаас тулгур байгуулагдсан Монгол улсын тусгаар тогтнолын асуудал, бие даасан Монголын олон улсын статусын асуудал хамаарах болсон юм.

Харин урд хөрш Монголын талаар ямаршуухан бодолтой байв аа ?

Монголын Засгийн газраас тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаа албан ёсоор Бээжингийн засгийн газар мэдэгдсэн бөгөөд түүнийг авсан Юань Ши Кай «монголчууд тусгаар тогтнолоо хадгалан барих хүч чадавхи дутмаг учраас Хятадаас тасран салах нь ухаангүй хэрэг» хэмээн айлгах, ятгах хэлбэрээр сэнхрүүлэхийг оролдож эхлэв. Юань Ши Кайгаас Богд хааны нэр дээр ирүүлсэн цахилгаандаа: «Монголын газар хэдий уудам боловч хүний тоо даанч цөөн, олон монголыг нийлүүлэн бодвоос дотоод газрын нэгэн мужийн дайнд хараахан үл хүрэхийн дээр», «монголчуудын амьдрал ядуу зүдүү, «харвал намналыг мэдэхийн төдий буу, үхэр бууг юун өгүүлэх аж» хэмээн илэрхий басамжлан доромжилсон юм.

Богд хаанаас Юань Ши Кайд өчүүхэн ч бууж өгөөгүй бөгөөд хариу илгээсэн 1912 оны 2 дугаар сарын арван ёсны цахилгаандаа: «нэгэнт тусгаар тогтносон улс төрийг танай ятгалгаар устгаж чадахгүй», «Гадаад Монгол энэ удаа журамыг үүсгэсэн нь язгуураас «үндэсээ батлан» «шашинаа баталж» харьяат газраа бүрэн бүтэн болгон батлахын санаа болой» хэмээн маш тодоор өөрсдийн зорилгоо илэрхийлсэн байна. Богд хааны илгээсэн цахилгаанд гарч буй «Язгуураас үндэсээ батлан» хэмээх санаа бол хэзээнээс монгол танайхаас тусдаа өөрийн үндэс суурьтай, төр байсан түүнийг батлаж буй хэмээн илэрхийлсэн хэрэг юм.
Бас уг цахилгаанд бидэнд «Ер өөр горилох зүйл бүхий нь бус» «Мөн ч гажуу үгст баширлагдсан явдал бус» хэмээн илэрхийлсэн нь үндэсний тусгаар тогтнолоо олох хэмээж буйгаас өөр зорилго үгүй. Бас Орос зэрэг улсуудын ятгалгаар ч яваад байгаа юм байхгүй, энэ бүхэн монгол үндэстний дотроо залбирч, сүслэн биширч ирсэн тэрхүү үндэсний эрх чөлөө юм шүү хэмээхийн тодорхой дурьдсан хэрэг юм.
Богд хаан тухайн үеийн Монголын нөхцөл байдлыг бодитойгоор дүрслэн бичихдээ «Монгол булан тохой тасархай хязгаарт ташаалдан хүчирхэг улсад айл ойр байдал нь овоолсон өндөг мэт дөрвөн зүг туслах хүн үгүй» хэмээн бичсэн нь монголчуудын гадаад орчинг нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгтэл илэрхийлсэн хэрэг юм. Энэ байдал өнөө ч хэвээр болохыг энд бас товч дурьдая.

«Думдад улс говьд хол алслагдсаны тул ташуур урт боловч хүрэлцэх үгүй цэрэг иргэн хэдий олон боловч хэрэглэх газар үгүй болуужин хэмээмүй. Энэ нь бидний Гадаад Монгол хүчирхэг улсын завсар дор хавчигдаж орох эсэх хоёрт бэрх. Хэрэв өөртөө эс тогтновоос гөрөөчин дор олзлогдохоос хэлтрүүлэхүй бэрх» хэмээн дурьдсан байна. Богд хааны цахилгаан, зарлигт гарч буй эдгээр үгс нь Магсар хурцын бичсэн Монгол улсын шинэ түүх номонд мөн тааралддаг юм. Тэгэхээр монголчууд ХХ зууны эхэн үеэр өнөө бараг зуу шахам жилийн дараа ч мөн адил үндэстнээрээ тусгаар тогтнох үгүй аваас «гөрөөчин дор олзлогдоно» хэмээн хэлснийг эдүгээ ч бас санаж явахад илүүдэх юун. Геополитикийн хувьд энэ бүс нутаг дахь их гүрнүүдийн бодлого 1911 оны дараах үеийхээс ихээхэн өөрчлөгдсөн хэмээн би үзэхгүй байна.

1911 оны Монголын үндэсний хувьсгалын талаар Оросын эдэмтэн А.Попов бичихдээ: «1911 оны сүүлээр Гадаад Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарласан явдал нь Оросын агентын хийсэн ажил хэмээн тодорхойлогдох учиртай» гэжээ. Мөн 1911 онд болсон Оросын Алс дорно дахины асуудлаар болсон сайд нарын тусгай зөвлөгөөн дээр «Хятадаас салахад нь Монголд Орос улс дэмжиж туслах болно хэмээн Оросын Монгол дахь төлөөлөгчид мэдэгдсэн байсан» тухай тус зөвлөгөөний тайланд тусгагджээ.
Мөн энэ үеийн монголын талааpх Оpосын байp сууpийн талааp “1912 оны Оpос Монголын найpамдлын гэpээгээp Оpосын тал эдийн засгийн асаp их давуу эpх олж авсан” хэмээн Оpосын судлаачдын хамтаpсан бүтээлд тэмдэглэжээ.
1911 оны тэp үед Монгол нь үнэн хэpэг дээpээ тусгааp тогтнож чадаагүй гэсэн санааг нилээд олон судлаачид тэмдэглэсэн байдаг бөгөөд тэдний заpимаас дуpьдвал, Пpоф.Ц. Пунцагноpов “1911 оны Монголын тусгааp тогтнолыг тунхагласан явдал нь дан ганц чимэг сүpийн төдий хэpэг байв. Үнэн хэpэг дээpээ Монгол нь Хаант Оpосын колони , түүхий эдийг бэлтгэгч газаp байсан юм” гэж бичсэн байна. Энэ санааг Ш.Сандаг 1971 онд тууpвисан номондоо мөн зөвшөөpч дэмжсэн байна.
Харин 1911 оны Монголын үндэсний хувьсгалын үйл явдлыг өөрийн нүдээр ажигласан Хятад дахь Англи, Америкийн тамхины пүүсийн төлөөлөгч Т.А.Рустад энэ үеэр Хүрээнд ирээд Английн таймс сонины Бээжин дэхь сурвалжлагч Моррисонд 1912 оны 11 дүгээр сарын 5 нд бичсэн захидалдаа: «Энэ нь манжийн засгийн газрын эсрэг боссон хятадын хувьсгалын үргэлжлэл биш бөгөөд Монголд болсон биеэ даасан өөр нэг хувьсгал юм» хэмээн дүгнэсэн нь Монголчуудын үндэсний хувьсгал хэр зэрэг их нөлөө бүхий байсаныг илтгэн харуулсан хэрэг бөгөөд эл санааг судлаач би бээр дэмжиж буй билээ.
1911 онд Монгол тусгааp тогтноогүй, түүнийг гадаадын гүpнүүд хүлээн зөвшөөpөөгүй гэсэн үзэл бодлыг Английн А.Сандерс, АНУ-ын Р.Рупен, Фритерс зэрэг эpдэмтэд өөpсдийн бүтээлдээ тусгасан байна.
Тэpчлэн Монгол манжаас салсанаас бус хятадаас салж чадаагүй юм гэсэн санааг японы эpдэмтэн Hidehero Okada дэлхийн монголч эpдэмтийн их хуpалд тавьсан илтгэлдээ дэвшүүлсэн байна.

Мөн эpдэмтэн Ц.Батбаяp “Монгол ба Япон ХХ зууны эхэн хагаст” хэмээх бүтээлдээ Японтой 1907 онд байгуулсан гэpээгээp Гадаад Монголд “тусгай эpх ашгаа” зөвшөөpүүлсэн хаант Оpос Нийслэл Хүpээний засгийн газаpтай 1912 онд шууд хэлэлцээ хийж Оpос-Монголын хэлэлцээpийг, Хятадын Юань Шикайн засгийн газаpтай 1913 онд шууд хэлэлцээ хийж Оpос-хятадын гэpээг тус тус байгуулснааp Гадаад Монгол дахь манж Чин улсын эpх даpхыг шууд өвлөн авах гэсэн Хятадын ДИУ-ын бодлогыг хүчтэй хязгааpлав.” хэмээн бичсэн бий.

Харин Японы өөр нэгэн монголч эрдэмтэн Наками Тацуо «Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан явдал Манжийн засгийн эсрэг 1911 оны Хятадын хувьсгалын үр дүн гэж хэлбэл эндүүрэл болно. Хятадын хувьсгал гарсантай бараг зэрэг шахам монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан нь үнэнтэй» гэж тэмдэглэсэн байна.

Дээр өгүүлсэн зүйлээс дүгнэн үзэх аваас, 1911 онд Монголд Оросын ятгалга явуулгаар, бүр зарим тохиолдолд тэдний хүчээр үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болж, үр дүнд нь хоё р их гүрнүүдийн хоорондоо тохиролцсноор «автономит Монгол» тогтсон хэмээх түүхийг бид саяхан болтол нотолж, албан ёсны түүхэндээ чухам автономит Монгол хэмээн бичиж, ХХ зууны Монголын түүхийг 1921 оны ардын хувьсгалаас эхтэй хэмээн бичсээр номлосоор ардчилалын жилүүдтэй учрав. Эл түүхийг сайтар үзэх аваас бид монголчууд, өөрийн түүхээ Гадаадынханы бичсэн үзэл санаа, нөлөөлөлд автан, тэднийг нэг ёсондоо дагалдсаар ирсэн байна. Бидэнд ХХ зуунд өөрийн үндэсний гэх зүйлс маань хаачсэн байна вэ ?

1911 онд ч тэр 1921 онд ч Монголчууд өөрсдөө өөрийнхөө үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамгийн түрүүнд санаачлагч, хэрэгжүүлэгч нь байсан шүү дээ. Үндэсний эх орончид маань хүний амаар яваагүй, өөрийн бодол санаа, зорилготой байсан юм. Монголын үндэсний эх орончдын тэмцлийн эдгээр ололтууд нь монголчуудын өмнөх үеийн баатарлаг тэмцлийн түүхээр бэлтгэгдэж, төрийн тусгаар тогтнол уламжлалаа сэргээхэд хүргэсэн хэрэг юм.

Монголчуудын үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө нэгэн үзүүр сэтгэлээр олон жилийн турш тэмцэж ирсэн түүхэн байдал, угаас эрх чөлөөт амьдрал, бие даасан байдалдаа дэндүү дассан монголчууд олон улсын нөхцөл байдал, Орос, Хятад, Японоос явуулж байсан бодлогыг сайтар нягтлан тунгааж, чухам цагийн улирал, тэнгэрийн цаг болсоныг мэдэрч үндэсний хувьсгал хийсэн болохыг гадаадын эрдэмтэд хүлээн зөвшөөрч бичээд байхад бид сүүлийн үеийн эрдэмтдийнхээ судалгааны ололт, үр дүнд тулгуурлан энэхүү чухам үндэсний эрх чөлөөний өдрийг улс орон даяараа тэмдэглэж яагаад болдоггүй юм бэ.

Энэ талаар түүх шашдир сөхөж үзье.
Монгол оpон манж, хятадаас салж, тусгааp тогтнолоо олж авах үйл хэpэгт биеэp оpолцсон Магсаpжав (Олноо Магсаp хуpц хэмээн алдаpшсан, Богд хааны номын багш) -ын 1927 онд бичсэн “Монгол улсын шинэ түүх” ном үйл хэpгийг ямаp нэгэн хэтpүүлэггүй бодитой дүpслэн хаpуулсан томоохон бүтэээл болно. Тэpээp «гадаад Монгол тусгаар тогтнох журмыг үүсгэсэн нь бүх Монгол овогтон нийлэн хүчирхэг улс болохын зорилготой бөгөөд Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилсөн нь олон монголчуудын итгэж, бишрэх нийтийн санаанаас гарсны тулд улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн хэмээн нэрийдсэн» хэмээн бичжээ. Л.Дэндэвийн бичсэн «Монголын товч түүх» номонд 1911 онд Монгол улс тусгаар тогтносон явдлыг «манжаас хагацаж өөрийн үндэс язгуурыг хамгаалан олон улсын дунд тусгаар чанартай улсын засгийг явуулсан гайхамшиг түүхтэй их хэргийг бүтээсэн» хэмээн дүгнэж, энэ үеийн чухал чухал үйл явдлуудыг бүтээлдээ тод томруун тусгажээ.

1911 оны Монголын үндэсний хувьсгалын асуудлыг нилээд тодорхой баримттайгаар дүрсэлсэн «Монгол улсын автономи хэмээх өөртөө эзэрхэн засах эрхт засгийн үеийн үнэнхүү явдал чухам байдал, чухал учрыг тэмдэглэсэн товч өгүүлэл хэмээх түүх бичигт» дурьдахдаа: «Монгол улсын үндсэн суурь батдаж, сүр хүчин хөгжсөн учир бүх олон монгол овогтон бүгдээр сонсч мэдээд сүслэлдэн баярласан» хэмээн бичжээ.

Монгол улсын үндэсний аpдчилсан хувьсгалын түүхийн чухал суpвалжуудын нэгэн болох Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид наpын 1934 онд тууpвисан Монгол аpдын үндсэний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” номонд 1911 оны Монгол улсын тусгаар тогтнолын тухай өгүүлэхдээ: Оpос, Хятад уpьдах Чингисийн үеийн баатаp хүчтэй явсан монгол овогтон нэгдэж, улс төpийг дахин босгох сэдвийг олохвий хэмээн болгоомжлон “Оpос , Хятад түүгээp хэлэлцэн зөвхөн Халх дөpвөдөөp хязгааpлаж гуpван этгээдийн гэpээ байгуулан автономит эpхийг олгож“ үлдээсэн гэж бичжээ. Судалгаагааp нотлогдоогүй боловч хөpш хоёp их гүpний зүгээс Монголын талааp баpимталсан бодлогын нэгэн шижимийг энд тодорхойлсон хэмээн санана.
Сүүлийн жилүүдэд Монгол улс 1911 оноос тусгааp тогтносон улс байсан хэмээсэн санааг эрдэмтэн Б.Санжмятав , Л.Жамсpан З.Лонжид гээд олон эрдэмтэд маань дэвшүүлэн тавьж, баримт сэлтээр нотлож буй бөгөөд молхи судлаач миний бие энэ үзэл бодлыг дэмжиж байгаа билээ.

Харин Аркадий Столыпин энэ үеийн Монголыг Оросын ивээлд байсан хэмээн үзсэн байна.
Бээжинд хэвлэгдсэн «Монгол үндэстний нэвтэрхий түүх» номонд «Монгол үндэстний байр суурийн тухай асуудлыг хууль цаазын тогтоолд бичин оруулж Монгол орон бол Дундад улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг, монгол зэрэг цөөн тоот үндэстэн бол хятад үндэстэнтэй эрх тэгш гэж нотлов. Гэвч эдгээр бүхэн нь цөм өнгөн талын юм байж, жинхэнээр биелсэнгүй юм» гэжээ. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний хувьсгалын ололтыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрснийг нэг талаас нөгөө талаас Монголд өрнөсөн үндэсний хувьсгал, үр дүнд тогтсон Монгол улс, түүний төрийн үйл ажиллагааны бодит байдлыг өөрийн эрхгүй дүрслэн харуулсан хэрэг юм.


Тиймээ монголынхоо тусгаар тогтнол, үндэсний бие даасан байдлын төлөө тэмцсэн үндэсний эх оронч, төрийн зүтгэлтэн Богд Жавзандамба хутагт, Да Лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав, тайж Намсрай, түшмэл Хайсан нарын тэргүүтэй монгол төрийн түшмэлүүдийнхээ үйл хэргийг сайтар судлан, үндэснйихээ баатруудын намтар түүхийг түүх шаширт мөнхлөн бичиж, одоо болон хойч үедээ уламжлуулан, үндэсний бахархал болгон үндэсний ухамсарт нь суулгах нь монголын түүхийн сургамж, төрийн уламжлал орших учиртай болов уу. 1911 оны Монголын үндэсний хувьсгалын үйл хэрэгт оройлон оролцсон төрийн түшээдийн талаар сүүлийн жилүүдэд профессор Л.Жамсран, Ж.Болдбаатар, З.Лонжид, Ц.Батбаяр, Т.Төмөрхүлэг гээд олон түүхч эрдэмтэд маань ном товхимол, өгүүлэл бичиж нийтлүүлж байна. Гэвч энд нэг зүйлийг тэмдэглэхийг хүсэж байна. Энэ юу вэ хэмээвээс, түүхэн зүтгэлтнүүд нэг хэсэг хүмүүсийн талаар ном, кино, өгүүлэл гээд олон зүйл нийтлэгдсэн байхад нөгөө хэсэг хүмүүсийн талаар энд тухайлбал Түшээ гүн Чагдаржав, Да лам Дашжав зэрэг ) цөөн тооны өгүүллийг эс тооцвол бараг судалгаа хийгдэхгүй байна. Судалгааны энэ байдал нь санаатай хийгдээгүй гэдэг нь тодорхой боловч түүхийн хүрээлэн, түүх судалдаг байгууллага, түүх судлаач, эрдэмтэд энэ асуудлыг анхааралдаа авч төрийн зүтгэлтнүүдийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэгийг нөгөөгийнх нь дээр тавьж, сөргүүлэх замаар бус аль болох бодит байдалд нийцүүлэн оновчтой, үнэн зөвөөр тодорхойлон үлдээх нь түүхч бидний үүрэг хэмээлтэй. Шилжилтийн энэхэн үед Төрийн түүхэн зүтгэлтнүүдийн намтар судлал сэргэж, тодорхой судалгаа хийгдэж байгаа боловч ихэвчлэн тэдгээр түүхэн хүмүүсийн үр хүүхдийн хүсэлт уламжлалаар хийгдэж байгааг нуух юун. Харин үр удам нь үл мэдэгдэх боловч түүхэнд өөрийн тодорхой ул мөрөө үлдээсэн зүтгэлтнүүдийн талаар судалгаа тэр бүр хийгдэхгүй буюу бага хийгдэж байх шиг санагдана. Үүнийг хойшид залруулаасай хэмээн бодно.

Харин үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө хэмээсэн чин зоригоор тэмцэж байсаны үндэсний эх орончдыг маань тухайн үед Хятад, Оросын төрийн зүтгэлтнүүд муйхар «варвары», зэрлэг бүдүүлэг гэх зэргээр нэрлэн бичсэн нь бий. Энэ нь Да лам Цэрэнчимэд нь ч тэр, чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн цөм үндэсний үзэл нэвт шингэсэн, тэр үзэлдээ эцсээ хүртэл үнэнч байж, Монгол хэмээх нэртэй бие даасан тусгаар улсыг бэхжүүлэх, хамгаалахын төлөө хийгдэж байсан алхмууд байсан юм. Бидний өвөг дээдсийн үндэсний төлөөх тэрхүү бүдүүлэг, зэрлэг ааш нь өнөөгийн Монголыг бий болгоход, улмаар эн зэрэгтэй хөгжилтэй, олон улсын нэр хүнд бүхий болоход түлхэц болсон гэвэл буруудахгүй хэмээн бодно. Энд би Ханд ван, Сайн ноён Намнансүрэн нарын Оросын төр засгийн тэргүүн Коковцев, Сазонов нар лугаа хийсэн уулзалт яриа, мэтгэлцээн, Богд хаанаас Хятадын тэргүүнд бичсэн захидал сэлт, сайд Амар, Гэндэн нарын Сталинтай харьцаж байсан байдал зэргийг хэлж байна.

Үндэснийхээ бие даасан байдлын төлөө тууштай зогсох нь зэрлэг балмад хэрэг юм уу,

Танака Кацухико өөpийн “Тусгааp тогтнол уу, автономи уу” хэмээсэн бүтээлдээ: “Монголын талын ойлгож байсан “автономи” хамpах нутаг 1913 оны Хятад Оpосын гэpээгээp “Монгол ” биш, хаpин “Аp Монгол” болж солигдсон байна.

Харин 1911 оны үндэсний хувьсгалын үр дүнд монголчуудад хамгийн түрүүнд юу өгөв хэмээн үзвээс
- монголчууд одоо л нэг хоёр зуу гаруй жил сунжирсан харь үндэстний дарлалаас ангижирч, тасчигдан хуваагдсан элэг нэгтнээ цуглуулж, нэгдмэл нэгдсэн хүчээр үндэсний тусгаар тогтнол, бие даасан байдлынхаа төлөө тэмцэх боломж хэмээн үзсэн юм. Өөрөөр хэлбэл монгол үндэстний ханцуйндаа залбирч ирсэн хүсэл мөрөөдөл биелэх үүрийн гэгээ гийсэн хэрэг байлаа.
- Монголчууд Төр улсаа тэргүүлэх Хаан эзэнтэй болов
- Үндэсний дотоодын болон гадаадын аливаа хэргийг эрхлэн явуулах Засгийн газартай болов
- Алив үндэсний бие даасан улсад үндэсний төрийн бэлэгдэл болсон Төрийн тамга, далбаатай болов. Энд өнө удаан жил үндэсний тусгаар тогтнолын бэлэгдэл болж, цаашид ч тийм байг хэмээн соёмбо тэмдгийг залсан нь эдүгээ ч бид сүлдэндээ залсаар буй билээ.
- Бие даасан улсын бас нэгэн шинжийг илэрхийлсэн нийслэлтэйгээ зарлав.
- Өөрийн улсын дотоод, гадаад бодлогоо боловсруулан даяар олноо тунхаглан зарлав. Энэ нь ч талаар болоогүй.
- Өөрийн нутаг дэвсгэр, хил хязгаартай болов.

1911 оны Монголын үндэсний хувьсгалын үр дүнд төр улсаа сэргээн тунхаглан сэргээхдээ өөрийн язгуурын газар нутаг дэвсгэр, гал голомтоо түшиглэсэн билээ. Энэ талаар японы эрдэмтэн Танака бичихдээ: «БНМАУ бол тэдгээр монголчуудын хувьд уг нь байх ёсгүй хилийн шугамыг давж, үндэстэн ястан нэгдсэн хүчээр байлдан олсон нутаг дэвсгэр болно» гэсэн буй.

Ийнхүү тусгаар тогтносон Монголын цаашид оршин тогтнох явдал нь зөвхөн тулгур байгуулагдсан улсын дотоод хүчин зүйлээс хамаарахгүй байв. Монгол улс нэгэнт тунхаглан зарласан тусгаар тогтнолоо бататгаж, олон улсын харилцааны талбар дээр хүлээн зөвшөөрөгдөх явдал нь олон хүчин зүйлээс үндсэндээ хамаарахаар байлаа.

1911 оны Монголын үндэсний хувьсгалын дараах үе бол дэлхийн хүчирхэг орнууд дэлхий дахиныг өөрсдийн хүчин чадлын хэрээр дахин хувааж нөлөөний газруудыг нэмэн олж авах үйл ажиллагаа ид өрнөж байсан үе билээ. Монголын хойд хөрш Хаант Орос улс олон улсын энэ бодлогыг бүрэлдүүлэхэд идэвхтэй оролцож, урьд олсон нөлөөний газраа хадгалж, шинээр олж авахыг зорьж байжээ. Өмнөд хөрш оронд Манжийн ноёрхол төгсгөл болж, дөнгөж байгуулагдсан Дундад Иргэн улс Манжийн төрийг өвлөн авагч болохыг санаархаж байсан ийм бодит нөхцөлд монголчууд үндэстэн даяар өрнүүлсэн тэмцлийнхээ дүнд олж авсан тусгаар тогтнолоо хадгалан хамгаалах, юуны өмнө хоёр хөрш улсаар хүлээн зөвшөөрүүлэх зорилттой тулгарч байсаныг тэмдэглэх хэрэгтэй юм.

Үүний зэрэгцээ Монголын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн тусгаар тогтнолоо дэмжүүлэх гадаад нөхцөл байдлыг өөртөө татах үүднээс багагүй алхам хийж байсаны нэг нь Дэлхийн томоохон гүрнүүдэд хандан мэдэгдэл гаргасан явдал юм. Монголын Засгийн газраас 1912 онд Монгол улсыг байгуулсан учирыг мэдэгдэн Франц, Бельги, Англи, Япон, Их Герман, Америк, Дани, Голланд, Орос улсын Гадаадын хэргийн явдлын яамнаа бичиг илгээв.
Энэ үеэр Өвөр Монголд үндэснийхээ тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө, монгол овогтон эвлэлдэн нэгдэхийн төлөө хятадуудын дарлалыг эсэргүүцсэн тэмцэл газар сайгүй үргэлжлэн өрнөж, 1911 онд тунхаглан зарласан Богд хаантай Монгол улсын төрд дагаар орох саналаа Өвөр Монголын 49 хошуунаас 35 нь илэрхийлээд байсан үе байлаа.

Монголын Засгийн газар Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдөө Петербургт илгээсний дараа гадаадын зарим оронтой хэлхээ холбоо тогтоохыг чадлын хэрээр оролдож байв. Энэ үеэр Монгол улсын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд Япон улсаар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж, найрамдал ба худалдааны гэрээ тогтоох зорилгоор Токио орохоор морджээ. Манжаас дөнгөж сая салан тусгаарлаж өөрийн улсын тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад байсан энэ цаг мөчид Монголыг дэмжих хүч, улс гүрэн хаана байна тэр бүхэн рүү гар сарвайн дэмжлэг туслалцаа эрж хайж байсан юм. Иймээс Алсын Америк, Арлын Японд хүртэл хандаж байсан билээ. Дөнгөж тусгаар тогтносон Монгол улсын гадаад бодлогын талаар явуулсан арга хэмжээнүүд нь чухам үр дүнд хүрээгүй гэх юм уу энэ үед гадаад харилцаанд өөрчлөлт гарсангүй хэмээн дүгнэж болохгүй юм. Учир нь Монгол улсын Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд нарын Хаант Орост хийсэн айлчлалууд тухай үеийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд болж өнгөрсөн төрийн айлчлалууд байсаныг эдүгээ Оросын архивт буй баримтууд бэлээхэн нотолдог билээ. Оросын эзэн хаан өөрийн мутраар Монголын дээрх хоёр сайдын айлчлалыг бусад гадаад улсуудын төрийн дээд хэмжээний айлчлалтай энэ тэнцүү хэмжээнд авахыг лүндэн буулгасан нь Монголын нэр хүнд өсөхөд тодорхой дэмжлэг болсон юм. Энэ айлчлалын талаар Оросын тухай үеийн хэвлэлүүд нилээд өргөн мэдээлсэнийг эдүгээ ч харж болно.

Мөн түүнчлэн 1912 онд гадаадын хэд хэдэн улсуудад нот илгээж тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаа мэдэгдэж, харилцаа тогтоохыг хүссэн боловч албан ёсоор нэгээхэн бээр хариу ирээгүй билээ. Харин Монголын эдгээр нот бичгүүдтэй тухайн засгийн газар сайтар нягтлан танилцаж, Монголын талаар анхаарал тавьж, мэдээ мэдээлэл цуглуулан сонирхож ббайсаныг эдүгээ архивын баримтууд илтгэн харуулж байна. Тухайлбал, Миний бие Японы Гадаад яаманд Сайн ноён хан Намнансүрэнгийн гарын үсэгтэй монгол бичгээр бичсэн тэрхүү нот бичгийн уг эх, франц, япон хэлний орчуулгын хамт, мөн албан хүмүүсийн дээр нь хийсэн цохолт тэмдэглэлийн хамтаар хадгалагдаж буйг нүдээрээ үзсэн билээ. Мөн түүнчлэн Да лам Японоос тусламж эрэхээр явааад замаас буцаж ирснийг бид мэднэ. Гэвч тэрбээр өөрийн үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн юм шүү дээ. Түүнийг хүлээн авсан Хайлаар дахь Японы төлөөлөгч Монголын талаас ямар хүсэлт тавьсаныг төвдөө уламжлилсан байдаг шүү дээ. Энэ бол тодорхой үр дүн биш гэж үү. Магадгүй монголын талаарх эдгээр мэдээлэлүүд нь Японы зүгээс Монголын талаар илүү анхаарал тавих бодлого явуулахад хүргэсэн ч байж болох юм. Энэ мэтчилэн Франц, Герман гээд бусад орнуудын архивт буй мэдээ мэдээллийг үзэж, дүгнэн цэгнэх аваас Монголын төрийн дотоод, гадаад үйл ажиллагааны талаар илүү их зүйл мэдэж болохоор байна.

- Олноо Өргөгдсөн Монгол улсын тухайд нэгэн баримтыг энд сонсгохыг хүсэж байна. “Олноо өргөгдсөний тэргүүн он. Өвлийн сүүл сарын шинийн 3. Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олноо Өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны зарлиг ” хэмээсэн үгтэй хэд хэдэн Богдын зарлиг байгааг анхаарч үзнэ үү.
Энэхүү хишиг тараасан зарлигт: “тулгур төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан ” хэмээн дурьдаад хамгийн эхэнд Чинван Ханддорж, дараа нь Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн нарт дараалан цол хэргэм шагнасан нь уг хэрэгт хэн нь илүү үүрэгтэй явсаныг тухайн үед дүгнэсэн хэрэг хэмээн үзэж болох мэт.
Аргачлалын хувьд Богд хааныг бусдаас нь салган авч хэт магтах юм уу, хэт муулах нь марксист арга бөгөөд эдгээр хүмүүсийг салган авч дүгнэж болохгүй мэт санагдана. Оройлох, анхны санаачлагч хэмээн байлгаж болох авч тэд цөм бие биенээ нөхөж байсаан гэдгийг тэмдэглэх нь зөв буй за.
- Хувьсгалыг зөвхөн нэг оноор салган авч нэрлэх нь бас л аргын хувьд тийм зөв бус байх. Иймээс хувьсгал гэдэг маань үйл явц гэж ойлгож уг асуудалд хандах аваас 1911-1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэрлэвэл илүү үнэнд ойртох болов уу хэмээн санана.
- 1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүхийг үнэлэх асуудлаар сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөлт гарч, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, бие даасан байдлын эхлэл хэмээн үзэж байгаа билээ. Гэтэл эдүгээ Монгол улсын төрийн үндэсний их баяр ёслол тэмдэглэлт өдрийг УИХ-аас тогтоосон байдлыг үзэх аваас энэ өдрийн талаар нэгээхэн бээрх үг алга байна. Магадгүй энэ өдрийг өвлийн хүйтэн улирал болохоор тохиромжгүй гэж үзээгүй байлгүй дээ. Идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд монголчууд бид Христийн төрсөн өдрийг тун нижгэр, гар татахгүй тэмдэглэдэг болоод бас нилээд удаж байгаа билээ. Иймээс ХХ зууны Монголчуудын үндэсний тусгаар эрх чөлөөнйи эхийг тавьсан 1911 оны 12 дугаар сарын 29 ний өдрийг үндэсний их баярын хэмжээнд тэмдэглэж, цаашид жил бүр үндэсний ухамсар, бахархалын тэмдэг болгож занших нь зүйтэй болов уу.
- Монголын үндэстний түүхийн агуу их хуудас болох 1911 оны үндэсний хувьсгал, түүнээс төрийн бодлогын нарийн ухааныг өвлөн авч, үндэсний түүхээрээ бахархах, үндэсний ухамсар төлөвшүүлэх талаар Монголын төрийн зүгээс дорвитой алхам хийгээсэй хэмээн хүсэж байна.

О.Батсайхан – Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
түүхийн шинжлэх ухааны доктор
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

илүү дэлгэрэнгүй бичих хэрэгтэй байна. гэхдээ энэ мэдээллийг бидэнд түгээсэнд баярлалаа.

shinee (зочин)

sain baina uu tanid Yponoos manj Mongold yvuulsan gadaad hariltsaani bodlogiin tuhai material baival ugch tus bolooch

одка (зочин)

сайн байна уу

odka (зочин)

таньд хувьсгалт нууц бүлгэмүүдийн тухай материал байвал явуулж тус болооч

zochin (zochin) (зочин)

sain bainuu 1900 oni ehen veiin mongol ornii dotood baidal iin tuhai material baival yvuulj tus bolooch

Ayjarik (зочин)

Sain bainuu ta nada Archilsan huvsgaliin tuhai medeelel baival ogch tus bolooch

ариука (зочин)

манай монгол хүмүүс их баатарлаг хүмүүс байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)