Монгол Орон : Монгол улсын тухай : Монгол орны газарзүйн мэдээлэл
Газар зүйн байрлал
Монгол улс нь Ази тивийн төв хэсэгт дорнод уртрагийн 87°44 -119°56, хойд өргөргийн 41°35 - 52°09 хооронд оршдог, 1,566.5 мянган кв.км нутагтай, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд XVII байранд ордог. Хойд талаараа ОХУ, зүүн, баруун, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Хилийн нийт урт 8,158.0 км.


Гадарга
Манай орны нутаг ерөнхийдөө уулархаг, тал газар харьцангуй бага талбай эзэлдэг. Далайн түвшнээсдээш нэлээд өндөрт оршдог учраас нам газар байхгүй. Баруун талаар Монгол Алтай, Говь- Алтай гэсэн хоёр хэсэг бүхий Алтайн нуруу 1500 км үргэлжлэн оршдог. Монгол орны хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4374 м өргөгдсөн Алтай Таван Богдын Найрамдал оргил, хамгийн урт (20км) Потанины мөсөн гол энд оршдог. Монгол орны төв ба хойд хэсгээр Хэнтий, хангай, Соёны нуруунууд сүндэрлэнэ. Хангайн нурууны ноён оргил нь 3900 м өндөртэй Энхтайван уул, Хэнтийн нурууных 2799 м өндөр Асралт хайрхан уул юм. Манай орны зүүн захад Их Хянганы салбар уулс оршино.

Монгол орны дорно ба өмнөд хэсэгт нүд алдам тал элбэг. Түүнээс томоохон нь 250- иад мянган кв.км талбайг эзэлсэн Дорнодын тал юм. Манай орны хамгийн нам доор газар болох далайн түвшнээс дээш 560 м өргөгдсөн Хөх нуурын хонхор энд оршино. Мөн үүнээс гадна Алтай, Хангайн нурууны завсарт оршдог Их нууруудын хотгор, тус орны өмнөд хагасын Заг, Сүж, Номины 33 говь гэж алдаршсан говь нутаг ерөнхийдөө талархаг юм.


Уур амьсгал
Манай орон дэлхийн хойд хагасын сэрүүн бүсийн дундад өргөрөгт байршдаг. Монгол орны өвөрмөц уур амьсгал нь тус орны нутгаар дэлхийн хойд хагасын мөнх цэвдгийн урд зах, хамгийн хойш түрж орсон элсэн говийн хормой дайрч гардаг хийгээд далайн түвшнээс дээш ихээхэн өндөрт дунджаар (1580 м) оршдог, гадаад далайгаас хэт алслагдсан, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдэж, хур тунуадас нэвтрэхэд саад учруулдаг зэрэгтэй холбоотой. Иймээс өвөл нь урт бөгөөд хүйтэн, зун нь дулаан боловч богинохон, хур тунадас бага, халуун хүйтний зөрүү жилийн дотор төдийгүй хоногийн зуурт эрс өөрчлөгдөж байдаг.

Газар зүйн өргөрөг, нарны цацрагийн хэмжээ, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадаргын байдлаас шалтгаалан манай орны хойд зүгийн нутагт агаар нь харьцангуй хүйтэн. Тухайлбал жилийн дундаж температур -5°С, түүнээс илүү хүйтэн байдаг бол талархаг гадаргатай өмнө зүгийн нутагт +4°С хүрнэ. Зуны хамгийн дулаан үе болох долдугаар сарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулст +10°С хэмээс +15°С байхад дорнод талын зүүн хагаст +20°С-ээс илүү байна. үнэмлэхүй их температур Хангайд +35°С, говьд +41°С хүрнэ. өвлийн хамгийн хүйтэн үе болох нэгдүгээр сарын агаарын дундаж температур хойд талын уулархаг нутагт -25°С - ээс -30°С, говьд -15°С - 20°С байна. өвлийн үнэмлэхүй их температур Монгол орны хойд хэсэгт - 45°С-ээс -53°С гэж тэмдэглэжээ.

Салхины хурд төдийлөн ихгүй, дунджаар 1,5- 4,5 м/с байдаг боловч улирал болон хоногийн дотор өөрчлөгддөг. Ялангуяа хавар, намрын улиралд салхины хурд эрс нэмэгдэж, 15 м/с хүрэх буюу түүнээс илүү гарна. Жилд унах хур тунадасны хэмжээ дунджаар 200-220 мм. Гадаргын байдлаас шалтгаалан Хангайд 400-500 мм, Дорнодын талд 200-300 мм, говьд 100-150 мм буюу түүнээс бага тунадас унана.


Байгалийн бүс, бүслүүр, муж
Монгол орны хойноос урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн 4 бүс, өндөр уулст, ялангуяа ойт хээрийн бүсийн уулст авирахад тайгын ба тагийн ( альпийн) бүслүүр ажиглагддаг. Тус орны байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж 4 мужид хуваадаг.


Байгалийн нөөц, баялаг
Манай оронд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байна. үүний дотор үржил шимт хүрэн хөрс 50 орчим хувийг эзлэх бөгөөд тариаланд тохиромжтой 1,6 сая гаруй га газар бий.

Манай орон төрөл бүрийн ашигт малтмалаар баян. Тус орны нутаг дэвсгэрт 50 гаруй төрлийн ашигт малтмалын 3000 гаруй орд, илрэл мэдэгдэн судлагдаад байна. Хэнтий, Хангай, нурууны ар өврөөр алтны, Орхон, Сэлэнгийн сав нутгаар зэс молибдены, Дорнод монголд хайлуур жоншийн, Хөвсгөлд фосфоритын орд зонхилон тархжээ. Чулуун нүүрсний үлэмж их нөөц Таван толгой, Хар тарвагатай, Ачит нуур, Бага нуур, өвдөг худаг зэрэг ордуудад илэрчээ. Налайх, Шарын гол, Адуунчулуун, Бага нуурын ордууд нь үйлдвэрийн бүсэд оршдог учир төв суурин газруудыг түлшээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай оронд төмрийн хүдрийн Төмөр толгой, Баянгол, Тамир гол зэрэг олон ордууд бий. Зэсийн хүдрийн ордуудын ихэнх нь Орхон, Сэлэнгэ, Говь, өмнөд Хэрлэн, Баянхонгор, Ханхөхийн нутаг дэвсгэрт төвлөрчээ. Эдгээрээс хамгийн том нь Орхон, Сэлэнгийн бүсэд оршдог Эрдэнэтийн зэс- молибдены орд юм. Төмөртэйн овоо, Салхит, Тугалгатайн нуруу, Модон овооны зэрэг цайрын хүдрийн хэд хэдэн зангилаа ордуудаас гадна нэлээд алтын ордууд бий. 1954 онд нээгдсэн Бэрхийн хайлуур жоншны уурхай бол манай орны хайлуур жоншны томоохон уурхайнуудын нэг юм. Нутгийн зүүн хагаст хайлуур жоншны олон ордуудтай.
Фосфоритын ордуудын ихэнх нь Соёны нурууны өврөөс Хөвсгөл нуурын баруун эргийг даган тархсан байдаг. Мөн болор, молор, биндэрьяа, анар, хризолит, аметист, оюу, пийсүү зэрэг эрдэнийн чулуу багагүй олддогийн дотор үйлдвэрийн ач холбогдолтой зарим орд ч бий. Манай оронд нийтдээ 67 мянга гаруй км урт гол горхи, 0.1 кв.км-ээс их талбай бүхий 4000 гаруй нуур, 7000 шахам булаг шанд байгаагаас гадна хөрсөн доорх цэнгэг усны арвин их нөөц бий. Монгол орны гол мөрнийг Хойд мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж 3 хуваана. Сэлэнгэ бол Монголын хамгийн том мөрөн юм. Түүний сав газар цутгалуудынхаа хамт тус улсын газар нутгийн 20 орчим хувийг эзэлдэг. Урсгал нууруудаас хамгийн том нь Төв Азид хамгийн гүнд (262м) тооцогдох Хөвсгөл, тогтмол нуурын том нь Увс нуур ( усны талбай нь 3350 кв.км) юм.

Манай орны үржил шимт хөрсөнд нэг ба олон наст модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000 гаруй зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390 гаруй зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, мазаалай, зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, доргостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд аль ч газарт байдаггүй ургамал олон бий.

Монгол бол адил өргөрөгт орших бусад орны дотроос хамгийн нарлаг орон юм. Манай оронд нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацаа жилд 2600-3300 цаг байдаг.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

ih taalagdlaa. bayarlaa

myngaa (зочин)

gee yg unen uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)